Дэлгэрэнгүй зөвлөгөө
Буцах
Хувьдаа дэд станц, шугам тоноглолтой хэрэглэгчид УБЦТС ТӨХК-тай “Шуурхай ажиллагааны гэрээ”-г заавал байгуулна
Өнөөгийн байдлаар манай компанийн сүлжээнд холбогдсон 2000 орчим хувийн эзэмшлийн дэд станц бий. Эдгээр хэрэглэгчид цахилгаан шугам сүлжээний тоноглол ашиглалтын талаарх ойлголт багатай, ашиглалт хариуцсан мэргэжлийн хүнгүй, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнийхээ заалттай сайтар танилцаагүй зэргээс шалтгаалан дэд станцынх нь ашиглалтын түвшин доогуур байх нь элбэг.
Хэрэглэгчийн эзэмшлийн шугам тоноглол, дэд станцуудын ашиглалтын байдлыг шалгахад хаяг, бичлэг, бирк, плакат, цоож цуурга байхгүй, төмөр хийцүүд будаггүй, тоос шороо ихтэй, гаралт оролтын кабелиуд эмх цэгцгүй, өндрийн кабель муудаж хуурайшсан, трансформатораас тос гоожсон, трансформатор бохирдсон, трансформаторын нойлыг давтан газардуулаагүй зэрэг зөрчлүүд их илэрч байна. Энэ нь зөвхөн тухайн хэрэглэгчийн цахилгаан хангамжид нөлөөлөөд зогсохгүй улсын эзэмшлийн шугам сүлжээнд нөлөөлж бусад хэрэглэгчдэд тасралт үүсгэх томоохон шалтгаан болдог. Энэхүү хариуцлагагүй байдал нь тус компанийн үйл ажиллагаа, нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна.
Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 2 дугаар зүйлийн 2.17 дахь заалтад “Хэрэглэгч нь 2.1.7-д заасан шугам тоноглолыг эзэмшдэг бөгөөд дэд станц, шугам тоноглол нь хоёр талын цахилгааны эх үүсвэрээс тэжээлтэй болон автомат сэлгэн залгагч төхөөрөмж суурилуулсан мөн аваарийн нөөц тэжээлийн эх үүсвэр /дизель, генератор/-тэй бол харьяа түгээх төвтэй Шуурхай ажиллагааны гэрээ байгуулах үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэвч хэрэглэгчид гэрээгээ байгуулаагүй гэх зөрчлийг гаргасаар байна.
Шуурхай ажиллагааны гэрээгээр хэрэглэгчийн эзэмшлийн цахилгаан тоног төхөөрөмжид хийгдэх ажил үйлчилгээний заагийг тодотгох, ашиглалтын түвшинг зохих хэмжээнд байлгаж шугамын тасралтын тоог бууруулах, засвар үйлчилгээний ажлын аюулгүй байдлыг хангах, хоёр талын хүмүүсийн шуурхай ажиллагааг уялдуулан зохицуулах, талуудын сэлгэн залгалт хийх эрхийн хэм хэмжээг тодорхой зааж өгсөн байдаг. Гэрээг байгуулснаар хэрэглэгч нь УБЦТС ХК-иас зөвлөгөө авч, тоног төхөөрөмж гэмтсэн үед солих, шинээр тоноглол нэмж залгах, засвар үйлчилгээг хийлгэхэд мэргэжлийн байгууллагын хүн хүч, техникийн үйлчилгээг авах боломжууд нээлттэй байдаг.
Иймд хувийн эзэмшлийн шугам тоноглолтой хэрэглэгчдийг дэд станцдаа ашиглалт, аюулгүй ажиллагаа хариуцсан цахилгааны мэргэжлийн ажилтныг томилон ажиллуулах, мөн УБЦТС ТӨХК-тай шуурхай ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж, цахилгаан шугам сүлжээний найдвартай байдлыг хангахыг зөвлөж байна.
УБЦТС ТӨХК-ийн Хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн инженер Т.АЛТАНЦЭЦЭГ