Дэлгэрэнгүй зөвлөгөө Буцах

“Хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрэм”-ийг хэрэглэх нь

Манай улсад үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн хэрэгцээндээ зориулан 6, 10кВ-ын хуваарилах байгууламж, 6, 10, 35/0.4 кВ-ын агаарын болон хаалттай дэд станц, 0.4, 6, 10, 35 кВ-ын агаарын ба кабель шугам, 0.4 кВ-ын самбар /щит/ зэрэг цахилгааны байгууламжийг хувийн хөрөнгөөр барьж ашиглах нь олширсон.
Хувийн цахилгаан байгууламжтай иргэдэд “Цахилгаан байгууламжийг ашиглах явцад юуг анхаарах вэ” гэх асуулт аяндаа урган гардаг.
Иймд Та бүхэнд “Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм” болон  Түлш эрчим хүчний сайдын 2006 оны 104 дүгээр тушаалаар батлагдсан “Хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрэм” -ийг баримтлан ажиллахыг мэргэжлийн байгууллагын зүгээс зөвлөж байна.
“Хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрэм”-ийн дагуу заавал хэрэгжүүлэх шаардлагатай хоёр зүйлийг энд дурдъя.
Хамгийн түрүүнд хэрэгжүүлэх зүйл бол хариуцсан инженер, техникийн ажилтанг томилох юм.
1.2.3 Цахилгааны аж ахуй хариуцагчийг томилон ажиллуулах тухай “...Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нь цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын ажлыг зохион байгуулах үүрэгтэй цахилгааны аж ахуй хариуцагч болон түүний орлогчийг томилон ажиллуулах ёстой. ...Цахилгааны аж ахуй хариуцагчаар дүрмийн шаардлагын хэрэгжилтийг хариуцаж чадах инженер, техникийн ажилтныг томилно. Хэрэглэгч үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага нь цахилгааны аж ахуй эрхэлсэн мэргэжилтэнтэй бол тэр мэргэжилтэн цахилгааны асуудлыг шууд хариуцна.”
1.2.4-д Үйлдвэрлэлийн ажил үйлчилгээ эрхэлдэггүй бөгөөд цахилгааны аж ахуй нь зөвхөн оруулгын болон хуваарилах төхөөрөмж, гэрэлтүүлгийн төхөөрөмж, 380 В-оос илүүгүй хүчдэлтэй зөөврийн цахилгаан тоноглолтой хэрэглэгчид цахилгааны аж ахуй хариуцагч томилохгүй. Энэ тохиолдолд хэрэглэгчийн удирдлага нь цахилгааны аюулгүй ажиллагаа хариуцагчийн үүргийг өөрөө хариуцаж болно.”
Ашиглалтыг хэвийн явуулах дараагийн анхаарах зүйл бол өрсдийн эзэмшлийн тоноглолд засвар  үйлчилгээ  хийх явдал.
1.6.5 “Технологийн тоноглолтой шууд холбогдсон цахилгаан тоноглол, хэрэгслийн засварыг тухайн технологийн тоноглолын засвартай хамт хийвэл зохино. Эрчим хүчний зарцуулалт ихтэй тоноглолын засварыг намар өвлийн улиралд гүйцэтгэнэ.”

УБЦТС ТӨХК нь жил бүрийн хоёрдугаар сард “тухайн жилийн засвар үйлчилгээ хийх хуваар”-ийг гаргаж, сар бүр  цахилгаан хангамжийг нь түр тасалж засварын ажил хийх хэрэглэгчдийн жагсаалтыг хэрэглэгчидтэй байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд заасны дагуу мэдээллийн хэрэгслээр болон компанид бүртгүүлсэн утсаар урьдчилан мэдэгдэж ажилладаг.  Та ч мөн өөрийн эзэмшлийн цахилгааны тоноглолдоо засвар үйлчилгээ хийх бол дараах зөвлөгөөг шат дараатайгаар авч хэрэгжүүлээрэй. Энэ нь цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллага ба  хэрэглэгчийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад тун чухал нөхцөл болдог.
- Харьяа Түгээх төвийн ашиглалтын инженертэй холбогдож засварын графиктай уялдуулан засвар хийх өдрөө урьдчилан тохирно.
- Засварын ажлын хэмжээгээ гаргаж ажлын материалаа бэлтгэнэ. Мөн засвараа хэнээр хийлгэхээ төлөвлөсөн байна.
- Харьяа түгээх төвийн шуурхай үйлчилгээний хэсгийн ээлжийн инженерт засварын ажил хийх захиалга өгнө. 
- Засвар хийхдээ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн аливаа осол гэмтлээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч ажиллах нөхцөлөө хангах хэрэгтэй.
- Засвар хийсний дараа цахилгаан тоноглолыг туршилтын нормд нийцүүлэн туршсан байна. Энэ ажлыг урьдчилан төлөвлөөрэй.
- Харьяа түгээх төвийн шуурхай үйлчилгээний хэсгийн ээлжийн инженерт засвар хийж дууссан тухайгаа эргэж мэдэгдэнэ.
- Харьяа түгээх төвийн шуурхай үйлчилгээний хэсгийн ээлжийн инженерүүд туршилтын бичиг баримтыг шалгаж хүчдэлд залгана. 
Засвар хийсний дараа “Хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрэм”-ийн 1 дүгээр зүйлийн 1.6.11 буюу “...цахилгаан тоноглолын туршилтын нормд нийцүүлэн туршсан байна” гэсэн заалтын дагуу тоноглолоо туршуулж, өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг цахилгааны элдэв осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор газардуулгын эсэргүүцлийн хэмжилт хийлгэн зөвшөөрөл авч, хангагч байгууллагадаа эргэн мэдэгдэж, хүчдэлд залгуулна.

Ашиглалтын үед гарсан гэмтэл, саатлын үед хэрэглэгчид нь хангагч байгууллагатай байгуулсан “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” болон уг гэрээний салшгүй хэсэг болох “Цахилгаан тоноглолын найдвартай ба шуурхай ажиллагааны гэрээ”-г баримтлан хамтран ажиллах шаардлагатай.
Та хувийн цахилгаан тоноглолынхоо засвар үйлчилгээг цагт нь хийж хэвшвэл цахилгааны тасалдал гарахгүй байх нөхцөл бүрдэх болно гэдгийг анхаарна уу.

 

Хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн
инженер Т.БАДАМСҮРЭН