Дэлгэрэнгүй зөвлөгөө Буцах

Цахилгаан хангамжийн нэг ба хоёрдугаар зэрэглэлийн хэрэглэгчдэд тавигдах шаардлага

Хэрэв Та цахилгаан хангамж тасалдсан тохиолдолд хүний амь нас, улсын эрх ашиг, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ноцтой хор хохирол учрах онцлогтой бизнес эрхэлдэг бол Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтын дагуу найдваржилтийн зэрэглэл тогтоолгосон байх шаардлагатай. Найдваржилтийн зэрэглэлийг Эрчим хүчний яаманд хандаж тогтоолгоно.

Нэг ба хоёрдугаар зэрэглэлийн хэрэглэгч нь Дэд бүтцийн сайдын 2003 оны 112 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдваржилтийн зэрэглэл тогтоох журам”-ын дагуу дараах шаардлагыг хангасан байна.

Цахилгаан хангамжийн найдваржилтын зэрэглэлийн техникийн шаардлага ба цахилгаан эрчим хүчний тасалдлын зөвшөөрөгдөх хугацаа

3.1 Нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчдийг харилцан бие биенийхээ бэлтгэл тэжээл болох үл хамаарах хоёр эх үүсвэрээс тэжээх ба эдгээр хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний тасалдлын зөвшөөрөгдөх хугацаа нь нэг талын тэжээл тасрахад бэлтгэл тэжээл нь автоматаар залгагдах хугацаагаар тодорхойлогдоно.
3.2  Нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчид нь хангагчийн харьяаны шугам сүлжээнээс тэжээгддэг хоёр талын тэжээлтэй байхаас гадна өөрийн мэдлийн аваарын эх үүсвэртэй байх бөгөөд эдгээрийн аль нэг нь тасрахад өөр хоорондоо автомат залгагдах схемтэй байна. Хэрэглэгчийн харьяаны эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан чадал нь түүний тасралтгүй ажиллагаатай байх нэгжүүд (байрууд)-ийг хангахад хүрэлцэхүйц хэмжээтэй байна. Эх үүсвэр, тэжээлүүдийн ажиллах дарааллыг эрчим хүчээр хангах гэрээнд тусгана.
3.3 Нэгдүгээр зэрэглэлийн хэрэгцээнд нь өөрийн мэдлийн эрчим хүчний бэлтгэл эх үүсвэрийг ажиллуулахад зориулсан түлш сэлбэг материал, багаж, хэрэглэлийн нөөцтэй байх бөгөөд бэлтгэл эх үүсвэрийн ажиллагааны байнгын бэлэн байдлыг хангах үүрэгтэй.
3.4 Хоёрдугаар зэрэглэлийн хэрэглэгчдийг харилцан бие биенийхээ бэлтгэл тэжээл болох үл хамаарах хоёр эх үүсвэрээс тэжээвэл зохих ба эдгээр хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний тасалдлын зөвшөөрөгдөх хугацаа нь жижүүрийн буюу шуурхай үйлчилгээний явуулын бригадын хүмүүс бэлтгэл тэжээлийг залгахад шаардагдах хугацаагаар тодорхойлогдоно.

Тухайн хэрэглэгчийн зэрэглэлийн хэрэгцээг тодорхойлох ба техникийн шаардлагыг хангах боломжийг бүрдүүлэх

4.1 Тухайн хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний найдваржилтийн зэрэглэлийг энэхүү журмыг үндэслэн тогтооно.
4.2 Хангагч нь энэ журамд заасан шаардлага, нөхцөлийг хангасан хэрэглэгчийн хүсэлтээр цахилгаан эрчим хүчний найдваржилтийн нэг ба хоёрдугаар зэрэглэлд тохирсон үйлчилгээ үзүүлж болно.
4.3 Хангагчаас цахилгаан эрчим хүчний найдваржилтийн тухайн зэрэглэлд хамрагдсан хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний түвшин, техникийн шаардлагыг эрчим хүчээр хангах гэрээнд тусгана.
4.4 Тухайн зэрэглэлийг хангах техникийн боломжийг бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг хэрэглэгч хариуцна.

Өөрийн эзэмшилд 6-35 кВ-ын дэд станц, цахилгаан дамжуулах шугамтай, хоёр талын цахилгааны эх үүсвэрээс тэжээлтэй, автомат сэлгэн залгагч төхөөрөмж суурилуулсан, мөн аваарийн нөөц тэжээлийн эх үүсгүүртэй нэг ба хоёрдугаар зэрэглэлийн хэрэглэгч нь “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ээс гадна “Цахилгаан тоноглолын найдвартай ба шуурхай ажиллагааны гэрээ”-г давхар байгуулна. 

Хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн инженер Т.БАДАМСҮРЭН, Д.ОЮУНБИЛЭГ