Дэлгэрэнгүй зөвлөгөө Буцах

Хувьдаа дэд станц, шугам тоноглолтой хэрэглэгчид УБЦТС ТӨХК-тай “Найдвартай ажиллагааны гэрээ”-г заавал байгуулна

Өнөөгийн байдлаар манай компанийн сүлжээнд холбогдсон 4600 орчим хувийн эзэмшлийн дэд станц бий. Эдгээр хэрэглэгчид цахилгаан шугам сүлжээний тоноглол ашиглалтын талаарх ойлголт багатай, ашиглалт хариуцсан мэргэжлийн хүнгүй, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнийхээ заалттай сайтар танилцаагүй зэргээс шалтгаалан дэд станцынх нь ашиглалтын түвшин доогуур байх нь элбэг.

Хэрэглэгчийн эзэмшлийн шугам тоноглол, дэд станцуудын ашиглалтын байдлыг шалгахад  хаяг, бичлэг, бирк, анхааруулах плакат, цоож цуурга  байхгүй, төмөр хийцүүд будаггүй, тоос шороо ихтэй,  оруулга, гаргалгааны кабелиуд эмх цэгцгүй, өндөр хүчдэлийн кабель муудаж хуурайшсан, трансформатораас тос гоожсон, трансформатор  бохирдсон, трансформаторын саармаг цэгийг  давтан газардуулаагүй зэрэг зөрчлүүд их илэрч байна. Энэ нь зөвхөн тухайн хэрэглэгчийн цахилгаан хангамжид нөлөөлөөд зогсохгүй улсын эзэмшлийн шугам сүлжээний найдвартай ажиллагаанд сөргөөр нөлөөлж бусад хэрэглэгчдийн цахилгаан хангамж тасалдах томоохон шалтгаан болдог. Энэхүү хариуцлагагүй байдал нь тус компанийн  үйл ажиллагаа, нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна.

Иймд 6-35кВ –ын трансформаторын дэд станц, цахилгаан дамжуулах шугам эзэмшигч бүр нь УБЦТС ТӨХК-тай “Найдвартай ажиллагааны гэрээ” -г заавал байгуулах шаардлагатай юм. Уг гэрээнд Эзэмшигч нь, цахилгаан шугам тоноглолынхоо найдвартай ажиллагааг хангахын тулд “Хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрэм” –ийн дагуу өөрийн эзэмшлийн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааг хариуцсан мэргэжлийн ажилтанг томилон ажиллуулах бөгөөд шугам тоноглолдоо сард 2-оос доошгүй удаа үзлэг хийж, илэрсэн гэмтэл, зөрчлийг мэргэжлийн эрх бүхий байгууллагад хандаж засварлуулахаар тусгагдсан байдаг.

Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 2 дугаар зүйлийн 2.17 дахь заалтад “Хэрэглэгч нь 2.1.7-д заасан шугам тоноглолыг эзэмшдэг бөгөөд дэд станц, шугам тоноглол нь хоёр талын цахилгааны эх үүсвэрээс тэжээлтэй болон автомат сэлгэн залгагч төхөөрөмж суурилуулсан мөн аваарийн нөөц тэжээлийн эх үүсвэр /дизель, генератор/-тэй бол харьяа түгээх төвтэй Шуурхай ажиллагааны гэрээ байгуулах үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэвч хэрэглэгчид гэрээгээ байгуулаагүй гэх зөрчлийг гаргасаар байна.

Шуурхай ажиллагааны гэрээгээр хэрэглэгчийн эзэмшлийн цахилгаан тоног төхөөрөмжид хийгдэх ажил үйлчилгээний заагийг тодотгох, засвар үйлчилгээний ажлын аюулгүй байдлыг хангах, хоёр талын шуурхай ажиллагааг уялдуулан зохицуулах, талуудын сэлгэн залгалт хийх эрхийн хэм хэмжээг тодорхой зааж өгсөн байдаг. Гэрээг байгуулснаар хэрэглэгч нь УБЦТС ТӨХК-иас зөвлөгөө авч,  тоног төхөөрөмж гэмтсэн үед солих, засвар үйлчилгээг хийх үеийн сэлгэн залгалтыг хийлгэх, гэмтсэн тоноглолыг сүлжээнээс тусгаарлуулах зэрэг шуурхай үйлчилгээг авах боломжууд нээлттэй байдаг.

Иймд хувийн эзэмшлийн шугам тоноглолтой хэрэглэгчдийг дэд станцдаа ашиглалт, аюулгүй ажиллагаа хариуцсан цахилгааны мэргэжлийн ажилтныг томилон ажиллуулах, мөн УБЦТС ТӨХК-тай найдвартай болон шуурхай ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж, цахилгаан шугам сүлжээний найдвартай байдлыг хангахыг зөвлөж байна.