Дэлгэрэнгүй зөвлөгөө Буцах

Трансформаторын тухай ерөнхий ойлголт, ашиглалтын үед анхаарах зүйл

Ижил давтамжтай хувьсах гүйдлийн тодорхой хүчдэлийг хувьсах гүйдлийн өөр хүчдэлд хувиргагч статик цахилгаан соронзон төхөөрөмжийг трансформатор гэнэ.


Трансформаторыг алс зайд цахилгаан эрчим хүчийг дамжуулах, хэрэглэгчдэд түгээхэд өргөн хэрэглэнэ. Цахилгаан эрчим хүчийг цахилгаан станцад 11-18 кВ, эсвэл 30-35 кВ хүчдэлтэй синхрон генератораас гаргана. Энэ хүчдэлийг хэрэглэгчид шууд ашиглах боломжгүй ба алс зайд цахилгаан эрчим хүчийг хэмнэлттэй дамжуулахад хүрэлцдэггүй. Иймд хүчдэлийг ихэсгэхэд өсгөх трансформатор хэрэглэдэг.


Цахилгаан эрчим хүч хүлээн авах хэрэгслийг /гэрлийн шил, цахилгаан хөдөлгүүр, телевизор, хөргөгч, плитка, шарах шүүгээ гэх мэт/ ажиллуулах,  хүнд аюулгүй байлгах, тоног төхөөрөмжийг ажиллах чадамжийг хангахын тулд  бууруулах  трансформатораар хүчдэлийг 110-380 В болгоно.


3 фазын трансформаторыг 40, 63, 100, 160, 250, 400, 630, 800, 1000 кВа  тогтоогдсон чадалтайгаар үйлдвэрлэдэг.  Тогтоосон чадлын хязгаар доторх чадлыг дамжуулах боломжтой.
Трансформатор нь дараах үндсэн хэсгүүдээс  бүрдэнэ. Үүнд:
1. Соронзон дамжуулагч (зүрхэвч)
2. Өндөр,нам талын ороомгууд
3. Хөргөлтийн радиаторуудтай бак
4. Өндөр нам талын оруулгуудын хөндийрүүлэгч изоляторууд
5. Хөндийрүүлэг ба хөргөлтийн зориулалттай тос


1. Соронзон зүрхэвч: 0,35 – 0,5 мм зузаантай тусгай зориулалтын цахилгаан техникийн ган листуудийг шахаж хийдэг ба ингэж хийхдээ зүрхэвчид үүсэх хуйларсан гүйдлийн алдагдлыг багасгах зориулалтаар ган листуудийг өөр хооронд нь тусгаарлаж лак болон хөндийрүүлэх материалаар тусгаарлаж өгсөн байдаг.
2. Трансформаторын ороомог: Ороомогийг тэгш өнцөгт ба бөөрөнхий хөндлөн огтлолтой зэс болон хөнгөн цагаан утасаар хийдэг. Утас нь цаасан хөдийрүүлэгтэй байна. Трансформаторын ороомог нь цилиндр хэлбэртэй байх ба өндөр нам талын ороомогуудыг хооронд болон зүрхэвчээс хөндийрүүлэх материалаар хийгдсэн цилиндрийн тусламжтайгаар тусгаарлаж өгсөн байна
3. Трансформаторын бак: Трансформаторын бакыг ган листээр хийх ба  авагддаг тагтай байна.  Тагийг трансформаторын бакад  боолтоор боох ба таг бакны хооронд тосон тэсвэртэй резинэн жийргэвчтэй байна. Бакны таган дээр гаргалгааны изоляторууд, термометр, хүчдэл тохируулгын механизмын шилжүүлэгч, тэлэгч бак, хамгаалах хоолойнууд байрлана.
5. Трансформаторын тос: Трансформаторын тос  хөндийрүүлэг ба  хөргөлтийн үүргийг гүйцэтгэнэ. Трансформаторын бакны тосыг тогтмол дүүрэн байлгах хэрэгтэй бөгөөд үүний тулд  тэлэгч бак хийж өгсөн байдаг. Тэлэгч бакад  тосыг шууд агаартай  харьцахаас хамгаалсан агаар шүүгчийн төхөөрөмж суурилагдсан байна. Трансформаторын тос нь цахилгааны хүчдэлд тэсвэртэй, дулаан дамжуулалт хөндийрүүлэх чадвар сайн, химийн идэмхий бодис агуулаагүй, тоноглолуудын найдвартай ажиллагааг хангасан байх ёстой.
Трансформаторыг урт хугацаанд найдвартай ажиллуулахын тулд дараах зүйлийг анхаарах шаардлагатай:

  • Трансформаторт төлөвлөгөөт туршилтыг 6 жилд 1 удаа заавал хийх,
  • Трансформаторын тосны түвшинд хяналт тавьж, тос дундарсан, гоожсон тухай бүрт тосны гоожилтыг зогсоон тосыг зохих түвшинд нь байлгаж хэвших,
  • Трансформаторын тогтоогдсон чадлаас илүү чадал хэрэглэхгүй байх. Жишээлбэл. 160 кВА чадалтай трансформатораар 160 кВА чадлаас илүү чадал буюу гүйдэлд шилжүүлбэл 251 А-аас илүү гүйдэл дамжуулахгүй байх,
  • Аянгын болон дотоод хэт хүчдэлээс хамгаалахын тулд цэнэг шавхагчийн тохиргоог аянгын улирал эхлэхийн өмнө хийлгэх, чанартай ОПН маягийн цэнэг шавхагч сонгох,
  • Трансформаторын 0.4, 6, 10 кВ-ын гал хамгаалагчийг тухайн трансформаторын чадалд тохируулан чанар сайтайг сонгох,
  • Эсэргүүцлийг ЦБД-д заасан хэмжээнд байлгах
  • Мэргэжлийн байгууллага, хүнээс зөвлөгөө авч байх.